Цэвдэг гэдэг нь 0 буюу түүнээс доош хэмд 2 ба түүнээс дээш жил газрын гүнд орших хөрс чулуулаг болон мөсний нийлэмжийг хэлдэг.
Манай орны цэвдэггүй говь цөлийн бүс ямар хуурай, ус чийгний гачигдалтай байдаг билээ. Хэрэв цэвдэггүй бол тийм л хувь тохиол хүлээж байна гэж хэлж болно.
Цэвдэг нь их хэмжээний мөс, чийг өөртөө агуулдаг нь ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг.
Цэвдэг нь тодорхой хэмжээний газрын гүнд өөртөө янз бүрийн хэмжээтэй чийг, мөс агуулан оршдог тул газрын гүний болон гадаргын усны нөөцийн нэг хэлбэр болно. Мөн хөндий хотосын төв хэсгийн чийг намагтай хэсэгт, уулсын ар хажуугийн шилмүүст ойн дор цэвдэг голчлон тархсан байдаг учир энэхүү экосистемийн чийг дулааны горимыг тэнцвэржүүлэх үндсэн үүргийг гүйцэтгэдэг.
Манай орны ихэнх том гол, горхи эх ундаргаа цэвдэгтэй өндөр уулсаас авсан байдаг бөгөөд энэ нь тухайн бүс нутгийн ард иргэдийн амьжиргаанд чухал нөлөө үзүүлдэг байна.
Гэсэн хэдий ч инженерийн салбарт цэвдгийн судалгаа хийгдээгүйн улмаас инженерийн бүтээн байгуулалт, авто зам, төмөр зам, барилга, орон сууц, гүүр хоолойн ажилд ноцтой гарз, хохирол учруулсаар байна.
Цэвдэгт бүс нутгийн зам, барилгын буурь, суурийг хөргөх, хөлдөөх замаар тэдгээрийн доорх цэвдгийг гэсхээс хамгаалах янз бүрийн технологийн шийдлүүд байдаг.