Цэвдэг гэж юу вэ?

Цэвдэг гэж юу вэ?

Цэвдэг гэдэг нь 0 буюу түүнээс доош хэмд 2 ба түүнээс дээш жил газрын гүний тодорхой түвшинд орших хөрс чулуулаг болон мөсний нийлэмжийг хэлдэг.

Манай орны цэвдэггүй говь цөлийн бүс ямар хуурай, ус чийгний гачигдалтай байдаг билээ. Хэрэв цэвдэггүй бол тийм л хувь тохиол хүлээж байна гэж хэлж болно.

Цэвдэг нь их хэмжээний мөс, чийг өөртөө агуулдаг нь ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг.

Цэвдэг нь тодорхой хэмжээний газрын гүнд өөртөө янз бүрийн хэмжээтэй чийг, мөс агуулан оршдог тул газрын гүний болон гадаргын усны нөөцийн нэг хэлбэр болно. Мөн хөндий хотсын төв хэсгийн чийг намагтай хэсэгт, уулсын ар хажуугийн шилмүүст ойн дор цэвдэг голчлон тархсан байдаг учир энэхүү экосистемийн чийг дулааны горимыг тэнцвэржүүлэх үндсэн үүргийг гүйцэтгэдэг.

Манай орны ихэнх том гол, горхи эх ундаргаа цэвдэгтэй өндөр уулсаас авсан байдаг бөгөөд энэ нь тухайн бүс нутгийн ард иргэдийн амьжиргаанд чухал нөлөө үзүүлдэг байна.

Гэсэн хэдий ч инженерийн салбарт цэвдгийн судалгаа хийгдээгүйн улмаас инженерийн бүтээн байгуулалт, автозам, төмөр зам, барилга, орон сууц, гүүр хоолойн ажилд ноцтой гарз, хохирол учруулсаар байна.

Цэвдэгт бүс нутгийн зам, барилгын буурь, суурийг хөргөх, хөлдөөх замаар тэдгээрийн доорх цэвдгийг гэсэхээс хамгаалах янз бүрийн технологийн шийдлүүд байдаг. Дэлхийн хэмжээнд цэвдэгт агуулагдаж байгаа хүлэмжийн хий агаар мандалд алдагдвал ямар их гамшиг хүлээж байгаа, үүнийг яаж сааруулах вэ гэсэн нэг асуудал байгаа бол хоёрдугаарт цэвдэг гэсвэл түүн дээр барьсан дэд бүтцийг яах вэ гэдэг том асуудлын нэг болоод байгаа. Одоогоор дэлхий дээр хамгийн үр дүнтэй технелоги нь Термосифон Thermosyphon хөргөх хоолой суурилуулж цэвдэгтэй хөрсийг хөргөж хөлдөөх технелогийг ашиглаж байна. Энэхүү технелогийг ГЕОКРИО компанийн гүйцэтгэх захирал цэвдэг судлаач доктор Я.Жамбалжав болон ажилчид хамтран амжилттай туршилт судалгаа хийж практик хэрэглээнд нэвтрүүлж байна.

1958 оны Засгийн газрын тогтоолоор Цэвдэг судлалын төв станцыг Н.Лонжид даргатайгаар байгуулснаар Монгол оронд цэвдэг судлалын шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажил эхэлсэн гэж үздэг. Гэхдээ дэлхийн бусад улсуудад 18 дугаар зууны сүүл, 19 дугаар зууны эхэн үеэс эхэлсэн гэж үзэж болно. Дэлхийн бөмбөрцөгийн хойд хагасын 24-25 орчим хувьд цэвдэг тархсан байх ба туйл орчмын бүс нутаг болон өндөр уулсын бүс нутагт цэвдэг тархсан байдаг. Улсаар яривал 48 орны газар нутагт цэвдэгтэй. Мөн нийт цэвдэгт бүс нутгийн 95 орчим хувь нь таван улсын газар нутагт ноогддог. ОХУ, Канад, Хятад, АНУ-ын дараа цэвдгийн тархалтаараа тавдугаарт Монгол Улс орно. 1968-1971 оны Орос, Монголын хамтарсан геокриологийн экспедицийн судалгааны ажлын үр дүнд Монгол орны газар нутгийн 63%-д тасалданги болон алаг цоог хэлбэрийн цэвдэгтэй гэж тогтоосон байдаг. Энэ хугацаанд гадна, дотны төсөл хөтөлбөрийн хүрээнд Монгол орны цэвдгийг хянах 200 орчим цооногтой болсон байна. Мөн “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн санхүүжилтээр 2016 онд цэвдгийн шинэ зураг гаргасан. Шинэчилсэн зургаар Монгол орны газар нутгийн 29.3 хувьд цэвдэг нь тасалданги болон алаг цоог хэлбэртэйгээр тархсан гэсэн үр дүн гарсан.

Хамгийн хүйтэн цэвдэг Антарктид тивд -23.6С гэсэн байдаг бол хамгийн дулаан цэвдэг манай оронд л байна даа. Манай орны цэвдгийн температур -5С-ээс 0 хэмийн хооронд оршдог. Мэдээж энэ температур дулааралтын нөлөөгөөр нэмэгдэж байгаа. Тэг хэмд ойрхон нь үгүй болж байна.

  • СЭТГЭГДЛҮҮД

    Уншигч (59.153.114.137)
    Сайн байна уу?
    2024 оны 03 сарын 02 | Хариулах

Холбоотой мэдээ